С.Батболд: Бүх бүтээн байгуулалт хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу явагдана.

-Хавар бүтээн байгуу­лалт Улаанбаатар хотод өрнөнө. Барилгын ажил боловсрол, эрүүл мэнд, авто зам зэрэг сал­барт ид өрнөж, хот тохижилт, ногоон байгуу­ламж, үер усны суваг шуудуу засварлах ажил эхэлнэ. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө зарцуулагдах гол бүтээн байгуулалт юу байх вэ?

       -Бүтээн байгуулалтыг бүхэлд нь ярья гэвэл маш их хугацаа орно. Тиймээс гол гол салбарын тодорхой тоо баримт хэлэхийг хүсч байна. 2018 оныг нийслэлийн зүгээс “Иргэдийн оролцоотой амьдрах орчноо сайж­руулах жил” болгон зарла­сан. Амьдрах орчноо сайжруулна гэдэг орон байр, гудамж, талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байрнаас эхлүүлээд бүхий л зүйл орно. Энэ жилийн гол онцлог нь иргэдийн оролцоотой, тэдний байр суурь, санал, санаачилгын дагуу байгаа хөрөнгөөр юуг хийх вэ, нэн түрүүнд юу хийлгэхийг та хүсч байна вэ, иргэд өөрсдөө ямар үүрэг оролцоотой явах вэ гэдэгт анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Ингээд нийтдээ 363.1 тэрбум төгрөгөөр 466 ажил хийхээр төлөвлөсөн.

       Бүтээн байгуулалт бо­ловс­ролын салбарт онц­гойлон өрнөх болно. Яагаад гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжийг хоёр, хороо бүрийг цэцэрлэгтэй болгож хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэсэн заалт байдаг. Тиймээс УИХ, Засгийн газартай хамтран ярилцсаны дүнд Улаан­баатар хотын сургууль, цэцэрлэгт онцгойлон анхаарал хандуулж 106.1 тэрбум төгрөгөөр 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх буюу шинээр барина. Ингэснээр бид 2020 гэхэд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлж цаашид нэг ээлжтэй болох алхамыг хийнэ. Цэцэр­лэгийн хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэсэн зо­рилттой ажиллана. Тод­руулбал, нийслэлийн төс­вийн хөрөнгөөр долоон цэ­цэр­лэг, Азийн хөгжлийн банкны зээлээр есөн сур­гууль, 22 цэцэрлэг, БНХАУ-ын бэл­гийн хөрөнгөөр доло, Японы Засгийн газрын бу­цалтгүй тусламжаар дөрвөн сургуулийн барилгыг барьж эхлэх юм.
Харин эрүүл мэндийн салбарын хувьд энэ онд нэн түрүүнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийг шинэ байранд оруулна. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр баригдаж буй олон улсын жишигт нийцсэн Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн барилгын үйл ажиллагаа маш эрчимтэй явж байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно гэдэгт найдаж байна. Ингээд Улаанбаатар хот анх удаа олон улсад болон дэлхийн стандартад нийцсэн эмнэлэгтэй болно.
       Бидний өнгөрсөн жил эхлүүлсэн томоохон аж­луу­дын нэг бол эмнэлгүү­дийн гаднах орчныг тохижуулсан явдал байлаа. Улсын, нийслэлийн гэж ялгалгүйгээр 2, 3 дугаар шатлалын эмнэлгийн гад­нах орчныг тохижуулах уг ажлыг энэ онд үргэлжлүүлж, дуусгана.
Энд авто замын сал­барыг онцлон дурьдмаар байна. Улаанбаатар хотод зайлшгүй хийх ёс­той ажил энэ салбарт өрнөдөг. Учир нь, манайд төмөр замын сүлжээ, төлөвлөлт муутайгаас авто замын түгжрэл ихтэй хо­туудын тоонд ордог. Тиймээс энэ салбарт нийтдээ 40 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Зүүн дөрвөн замын давхар замын ажлыг эхлүүлнэ. Энэ нь ерөнхийдөө 25 тэрбум төгрөгийн өртөгтэй ажил. Энэ оны хувьд найман тэрбум төгрөгөөр компанитайгаа гэрээ байгуулаад үлдсэн санхүүжилтийг ирэх жилд нөхөж олгох зарчимаар үргэлжлүүлэх зорилттой байгаа. Мөн Улаанбаатар хотоос гарч буй урсгалын хамгийн их түгжрэлтэй хэсэг болох Баянзүрхийн гүүрээс Налайх хүртэлх авто замыг шинэчлэх ажил энэ хавар эхэлнэ. Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрийг шинэчлэхээс гадна Улаанбаатар хотод төмөр замын гүүрэн гарц нэгийг шинээр барих ажил өрнөнө. Бүхэлдээ Улаанбаатар хотын авто замын салбарт нэлээн том өөрчлөлт авчрах бүтээн байгуулалт энэ хавар эхлэх юм.

-Хэд хэдэн томоохон Цэцэрлэгт хүрээлэн ши­нээр барих төлөв­лөгөө байсан. Ер нь ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Хаврын улиралд шороо, тоос нэмэгдэж, зун ч ялгаагүй борооны дараа шороо босч хэцүү бай­дал­тай болдог шүү дээ?

       -Ер нь манай хот ногоон байгууламжаараа дэлхийн хотуудын жишигт хүрэх болоогүй. Байгаль цаг уурын хувьд маш хуурай байдаг. Тиймээс Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэг­дүүлэх, зүлэгжүүлсэн талбайг ихэсгэх зайлшгүй шаардлагатай. Ногоон бай­гууламжийг хэд хэдэн бодлогын шинж чанар­тайгаар өөрчилж байгаа. Нэгдүгээрт, нялх буюу нэг, хоёр настай суулгац тариад түүнийг том болтол хүлээвэл хамгийн багадаа 40, 50 жилийн хугацаа өнгөрнө. Дэлхийн хотуудын ногоон байгууламжийн туршлагаас аваад үзвэл ойн сийрэгжүүлэлтээр том модыг авчирч шууд суулгадаг технологи бий. Үүнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жилд тарьсан 4-10 жилийн насжилттай нарс модны ургалт 98 хувьтай байгаа. Хоёрдугаарт, Бид­ний сайн мэдэх Явуу­хулан­гийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй адил цэцэрлэгт хүрээлэнг дүүрэг бүрт байгуулахаар газрыг нь төлөвлөсөн. Гуравдугаарт, үнэхээр ногоо ургадаггүй, хүний хөлийн газрыг эко хавтангаар хучиж хатуу хучилттай болгоно. Олны хөлийн газар зүлэг, ногоо тарьсан ч хуулардаг учраас энэхүү ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

-Ногоон байгуулам­жаа нэмэгдүүлэх, айл өрх бүр зундаа мод сөөг тарьж хүчилтөрөгч ялгаруулдаг, хашаандаа хүнсний ногоо тарьж хэрэг­цээндээ ашиг­­лах зэрэг олон санал санаа­чилга иргэдээс гар­даг шүү дээ. Үүнийг хотын зү­гээс хэрхэн дэмжих вэ?

       -Энэ жилийг “Иргэдийн оролцоотой амьдрах орч­ноо сайжруулах жил” болгон зарласны гол учир утга зорилго нь иргэд өөрсдөө амьдрах орчноо сайжруулахад оршино. Хотоос дэмжлэг үзүүлнэ. Харин иргэд маргааш нүүгээд явах гэж байгаа мэт хогтойгоо хөглөрсөн байдалтай биш насаараа амьдарч, үе хойч, ач зээ нар нь амьдрах орчин гэдгийг ухамсарлаж, өөдрөг сэтгэлгээгээр амьдрах орчноо сайжруулахад энэ жилийн нийслэлийн уриал­гын зорилго оршиж байна. Иргэд өөрсдөө санаа­чилгаа гаргаад ирвэл бидэнд суулгацууд нь бэлэн бий. Түүнийг хөнгө­лөлттэй үнээр олгох механиз­маа ч шийдсэн байгаа шүү. Тиймээс иргэд хоттойгоо хамтран ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

ЭХНИЙ ЭЭЛЖИД 50 “СЕРВИС ЦЕНТЕР” БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН

-Гэр хороололд “Сер­вис центер” барих талаар сүүлийн үед нэлээн ярьж байгаа. Энэ талаар то­дорхой тайлбарлана уу?

       -Цоо шинэ концевци гэж хэлж болно. Хүмүүс яагаад зөвхөн орон сууцанд оро­хоороо амьдралаа сайж­руулж байна гэж бодох ёстой юм бэ. Өөрийнхөө өмчилж авсан газартаа илүү сайхан амьдрах боломж бололцоог яаж бүрдүүлж болох вэ гэдэг талаас нь яагаад ойлгож болохгүй гэж. Хотын гэр хорооллыг хөгжүүлэх концевцийг дотор нь гурван бүс болгон хувааж байгаа. Төвийн бүсийн гэр хороолол. Энэ бүс нь хотын ерөнхий төлөвлөгөөгөөр өндөр давхарын орон сууц болох учиртай. Тэнд иргэдийн газрыг төр то­дорхой болзолтойгоор худал­даж, иргэд орон сууцаар сольж авах боломж бүхий орон сууцны хороолол баригдана. Дараагийн дундын бүс буюу өндөр өртөгтэй дэд бүтцийн шугам цэвэр, бохирын систем, дулааны шугам сүлжээ очих боломжгүй газарт “Сервис центер” барина. Улаанбаатар хотын хэмжээнд 2020 он хүртэл 50 “Сервис центер” барих ерөнхий төлөвлөгөөг гаргачихаад байгаа юм. Үүнийг барих эх үүсвэрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хүрээнд шийдэж Барилга хот байгуулалтын яамтай тохирсон. Энэ жил бид эхний ээлжид Чингэлтэй дүүргийн VII хороо, Сүхбаатар дүүргийн XVIII хороонд барьж эхлэх юм. “Сервис центер” төсөл иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаад 200 хүн нийлээд нэг үзэл бодлоор хандсан тохиолдолд гэрээ хийгээд хотоос дэд бүтцийг нь шийдэж өгөх зарчмаар явна. 200 айлын дунд цэвэр ус, бохирын сис­тем, цахилгаан эрчим хүч, гудамжны зохион байгуулалт, гэрэлтүүлэг зэрэг бүх зүйлийг цогцоор нь шийдэж өгөхөөр төлөв­лөгдсөн. ТЭЗҮ-г өнгөрсөн долоо хоногт хийж дуус­гасан. Иргэдэд өмчилж буй газраа өөрчилж, төрж өссөн газар, гал голом­тоо сайжруулж бид бүхний мөрөөдөөд байдаг хаус хорооллыг бий болгож болох юм гэдгийг харуу­лахын төлөө өнөөдөр бид ажиллаж байна. Яг одоогийн байдлаар иргэдийн 11 бүлэг бидэнд саналаа ирүүлсэн байгаа. Төсөлд иргэд өөрсдөө оролцож хамтарч ажиллах компаниа сонгоно. Дунджаар 50 орчим сая төгрөгөөр 200 орчим айлын дунд нэг “Сервис центер” байгуулж өгөхөөр төсөвлөөд байна. Амжилттай болж чадвал ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулаад бусад иргэдэд жишээ болгон харуулж тэдэнд итгэл үнэмшлийг бий болгож чадах юм. Энэ нь хувьсгалын шинж чанартай үйл явдал болно гэж бид бүхэн үзэж байгаа.

-Төвийн дулаантай ойр орших айл өрхүүд байх ёстой юу?

       -Төвийн дулаанаас огт хамаарахгүй. “Сервис центер” дээрээ л бүх асууд­лыг шийдэх юм. Хамгийн гол нь утаа гаргахгүй байх ёстой, бохирын сис­те­мийг боломжтой бол төвийн шугамтай холбо­но боломжгүй бол тэнд нь бие даасан бохирын байгууламжаар шийдвэр­лэхээр зохицуул­на. Одоо­гийн байдлаар таван ян­заар ТЭЗҮ-г хийсэн байгаа.

-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг барилга­жуулах, агаарын бохирд­лыг арилгах зэрэг маш олон хөтөлбөр боловс­руулагдаж, зарим нь хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрүүдийн хэрэг­жилт цаашид хэрхэн үргэлжлэх бол?

       -Хотын даргын хувьд дүгнэлт хийгээд үзэхэд өмнөх орон сууцны хөтөл­бөрүүд, ипотекийн зээлийн хувьд гэр хороолол руу чиглэсэн биш байсан юм байна лээ. Судалгаа хийгээд үзэхээр ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн дийлэнх нь орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан. Хуучин орон сууцнаас шинэ рүү, эсвэл эцэг эх нь хүүхэддээ авч өгсөн зэргийг авч үзвэл бодитоор гэр хороолол цөөрөөгүй. Харин одоогийн Засгийн газар болон хотоос барьж байгаа бодлого юу вэ гэхээр гэр хорооллын газрыг орон сууцаар солих. Жишээлбэл, Ногоон нуурын дэнж дээр 1000 айлын орон сууц барья гэж байгаа юм. Энэ бол БНХАУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдад бэлэглэсэн бэлэгийн хороолол маягийн орон сууц баригдана. 1000 айлын газрыг чөлөөлөөд тус газарт нь орон сууц бариад нөгөө 1000 айлаа оруулах механизмаар явна. Энд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэх юм. Үүнийг агаар орчин, хөрсний бохирдолтойгоо уялдуулж шийдэхээр нэн тэргүүнд төлөвлөсөн байгаа. Хоёрдугаарт алслагдсан буюу дундын бүсэд “Сервис центер”-ээ бариад явна. Ингэж уялдуулахгүй бол яндан­гийн тоо хэвээр агаар, хөрсний бохирдлоосоо салж чадахгүй яваад байна. Гуравдугаарт, нийс­лэлээс хэрэгжүүлж буй орон сууцны бодлогын гол зүйл урьдчилгаа төлбөрөө өгч чадахгүй байгаа иргэд хэрэв өөрөө хүсвэл өмчилж буй газраа Нийслэлийн Газрын санд худалдаад тухайн санхүүжилтээр урьдчилгаа төлбөрөө хийх бололцоог олгож байгаа. Энд залуу гэр бүл, төрийн албан хаагчид идэвхтэй хамрагдаж байна. Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй өргөдөл хүлээж авсан. Банкны шалгуурын дагуу 57 айлын өргөдлийг хүлээн авч, шийдвэрлээд орон сууцанд оруулсан. Иргэдийн газрыг нийс­лэлийн Газрын албаны үнэлгээний комисс үнэлж, гэрээ байгуулах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч гарын үсэг зурсан.