Олон улсын стандартад нийцсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээлээ.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцсон юм. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.


Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна. Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна.