“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав. Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдэг дээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм. “Бүтээн байгуулалт хийхдээ хот төлөвлөлтийн шийдлээ бодолцож, өнгө үзэмж, дизайн талаас нь анхаараарай. Яг адилхан төсөв хөрөнгөөр, адилхан материалаар хийх ч гэсэн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх өвөрмөц загвартай байх ёстой шүү. Нэг сүүдрэвч хийхдээ ч өнгө үзэмж, загварыг нь бодолцоорой. Хаа сайгүй байдаг, улиг болсон загвартай байж болохгүй” хэмээн нийслэлийн Засаг дарга анхааруулав.   
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс